Чингис хаан
Wikipedia-с
Монголын Yндэсний тулгар төрийг үндэслэгч, Тэмүүжин Чингис хаан 1162 оны хар морин жил одоогийн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлүүн-Болдог хэмээх газар Есүхэй баатар, Өүлэн хатан нарын ууган хөвгүүн болон мэндэлсэн. Чингис хаан Монголын тархай бутархай ханлиг аймгуудыг нэгтгэн Монголын нэгдсэн төр, Их Монгол Улсыг байгуулсан юм. 1206 оны улаан барс жил хаан ширээнд сууж 1227 оны улаагчин гахай жил таалал төгссөн. Их Монгол Улсын анхны нийслэл нь Хэрлэн мөрний Хөдөө Арал дахь одоогийн Аварга Тосон байв. 1206 оны Улаан Барс жил. Их хуралдайгаар Монголын тархай бутархай ханлиг аймгуудыг нэгтгэсэн. Тэмүүжинг Чингис хаан цолоор өргөмжлөн Их Монгол улсын хаан ширээнд өргөмжлөгджээ. Чингис хаан Монголын ханлиг аймгуудыг цэргийн зохион байгуулалтанд оруулсан. Тэрээр ард иргэдээ гэр тэрэг, тэдний хоол хүнс болох мал сүргийн хамтаар аравт, зуут, мянгатын цэргийн зохион байгуулалтанд оруулжээ.
Тэрээр ард иргэддээ хүчтэй төр, их засаг хууль, эдийн засгийн таатай нөхцлийг бий болгох, боловсрол мэдлэгийн дээшлүүлэх бодлогуудыг баримталсан. Мөн Чингис хаан либерал өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг шийдэмгий баримталсан. 1228 оны Шаргачин Үхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их хуралдай хийлгэн Чингисийн гутгаар хөвгүүн Өгөөдэйг хаанд өргөмжилжээ. Өгөөдэй хаан болон Чингис хааны үр удам Эзэнт гүрнээ Хар тэнгисээс Солонгосын хойг, Оросын вант улсын тэн хагасаас Болгарын вант улс хүртэлх, төв болон зүүн өмнөд Азийг бүхэлд нь хамарсан өргөн уудам нутаг дэвсгэртэй болгосон. Мөнх хааны дүү Хубилай 1260 оны Цагаан Бичин жил хаан ширээнд суув. Хубилай хаан Монгол гүрний улс төрийн төвийг өмнө зүг Бээжинд шилжүүлж, Монгол, Хятад, Төвд зэрэг олон улс орныг захирсан Юань гүрнийг байгуулжээ. Юань гүрний төр зуугаад жил тогтсон.
Categories: Хүн төрөлхтөн | Түүх