Күнз
Wikipedia-с
Күнз (хят. 孔夫子, Kong Fuzi буюу K'ung-fu-tzu, утгачилбал "Конг багш", гэхдээ Kongzi 孔子 буюу Күнз гэдэг нэр нь дорно дахинд түгээмэл. МЭӨ551‐МЭӨ479) нь дундад улсын гүн ухаантан, их сэтгэгч юм. Тухайн үеийн нийгмийн үзэл суртал болж байсан шаманизмийг гүн судалсаны үндсэн дээр өөрийн гүн ухааныг боловсруулсан нь өдгөө Күнзийн сургааль гэгдэг. Европт бол Латин хэл дээрх "Confucius" гэсэн нэрээр олонд танигджээ.
Күнз зөвхөн соён гэгээрүүлэгч, их сэтгэгч байсангүй. Ханлиг улсуудаар хэрэн хэсэж, өтөл насандаа соёлын үнэт баялгийг бүтээж, утга зохиол, түүх, гүн ухаан, улс төр, засаглал, нийгэм, ёс суртал зэргийг тал бүрээс нь гүнзгий шинжлэн үзэж үзэл сургаалаа айлдан номлосноор Күнзийн сургаалыг үндэслэн буй болгожээ. Күнз хийгээд түүний шавь нарын эмхэтгэж туурвисан алдарт Дөрвөн ном, таван бичиг бүхэлдээ Күнзийн сурталын үндэс болдог.
Хоёр мянганы тэртээ зохиогдож, саад бэрхийг туулсаар өнөө хүртэл уламжилж ирсэн, Күнзийн суртал гүн ухааны сэтгэлгээний гол дурсгал бол дээр өгүүлсэн алдарт Дөрвөн ном, таван бичгийн нэг Шүүмжлэл өгүүлэл нь бэсрэг зохиол юм. Күнзийг таалал төгссөн хойно шавь нар нь өөр өөрийн тэмдэглэн авсан хийгээд ой ухаан, оюун бодолд нь шингэж үлдсэн сургаал номлолыг нэгтгэн бичсэнээр энэ ном бүтэж, мөнхрөн үлдэх хувийг олжээ. Шүүмжлэл өгүүлэл нь голдуу асууж хариулах, цэц мэргэнээ сорьж цэгцлэх, шүүн тунгаах, дүгнэх хэлбэрээр бичигдсэн, 20 бүлэгтэй зохиол юм.